Хорго

2018 оны 05 сарын 14
Хорго

Архангай аймгийн Тариат сумын нутагт далайн төвшнөөс дээш 2240 метр өндөрт оршдог, одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго нь газарзүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд, умард өргөргийн 48-10градус, дорнод уртрагийн 99-21градусын солбицолд баруун зүүн тийшээ 8-9км орчимд хойшоо урагшаа 7-8км шахам, барагцаалбал 56-60 ам км талбай эзэлнэ.Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр, энхэл донхол зэрэг хоргодох, далдлах газар үлэмж учраас Хорго хэмээн алдаршжээ.Энд Хоргын тогоо, Их-анга, Бага-анга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж, ундуй сундуй овооролдсон байдаг.Овон товон газраа битүү ой мод, бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс цэцэгс ургана.Шинэ төрмөлийн эриний гуравдагч, дөрөвдөгчгалавд оргилж байгаад хожуу унтарсан шинэхэн галт уул энд олон байдаг.Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын өрхийн голч 200м, гүн 70-80м, тогооны гадна талын хажуу 25-35 градус, дотор талын хажуу 45-50 градус уруу тогтоцтой. Хоргын тогооны өрхөн дотор хоорондоо 10-30м зайтай хүрээлэн тогтсон 2,3 давхар ирмэг, хөмсөг байхыг ажихад сүүлийн үед хожуу хэд дахин дэлбэрснийг илтгэнэ. Хоргын тогоо уулын хайлмаг хүрмэн чулуу урсаж байхдаа зуурсан мэт мушгиралдан атирсан хийгээд уурандаа үлээгдэн овойж дээрх хэлбэрийг бий болгожээ.Энэхүү оройгоороо цоорхой тоонотой хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй сонин тогтоцтой агуйг нутгийнхан чулуун гэр гэлцэх нь бий.Хөндий тааз туурганаас шингэн хүрэм дусалж гоожихдоо унжиж царцсан шовх шовх тогтоцтой сумын гилбэр, жадны мэт дүрсийг үүсгэжээ.Харин гэрүүдийн хамгийн томыг хэмжиж үзэхэд эргэн тойрондоо 11м, өндөр нь 1.7м, тооно нь хөндлөнгөөрөө 1м, гэрийн доторх зай 2.2ам метр, өргөн хананы зузаан нь 20см орчим ажээ.Мөн Шар нохойн там, Чонын үүр мэт сонин тогтоцтой газар ч цөөнгүй.Өмийн тогоо, Гичгэний тогоо гэх мэт галт уулсын өрхөнд хэдийнээ гүн цэнхэр нуур тогтжээ.Тэнд Хоргын тогооноос гадна Гичгэний баруун, зүүн тогоо, Залаа толгой, Цагаан уул, Босго, Суга, Мандалын тогоо, Шаврын царам зэрэг 10-аад галт уулс бий. Тэрхийн цагаан нуурын хөндийг дүүргэн 40-50м зузаан хүрэм хийгээд тэр их зузаан хүрмэн хадыг зүсэж 20-30м гүн хавцал дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голын хөөсрөн шуугих ус, Тэрхийн цагаан нуурын дундах Нуурын толгой, Хөдөө нуур, Уран мандал зэрэг гоо сайхан уул ус, ургамал амьтан бүхий үзэсгэлэнт газар олон бий.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан