ЗАЯЫН ХҮРЭЭ

2018 оны 05 сарын 14
ЗАЯЫН ХҮРЭЭ

XYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчиг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь II Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам нойрссон Зая бандид  хутагт Лусанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан 3 суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил тус тус байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурханыг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ. Гуравдугаар Зая бандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн байдалтай болгосон байна. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ. Заяын хүрээг хоорондоо 5км алсдах газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт 1000 лам суудаг байсан бөгөөд 1 жилд хэдэн удаагийн хурлын үеэр 4000 орчим, түүнээс илүү лам нар цуглардаг байсан байжээ. Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал: Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн, 1994 онд улсын хамгаалалтанд авсан байна.

Сэтгэгдэл бичих:

Нэмэх

Хуулийн сан